Thursday, September 13, 2012

Баг


Яагаад Венецид очих ёстой гэж? Танд таалагдаж ч магад эсвэл эсрэгээрээ үгүй байж ч магад. Гэхдээ ганцхан л үнэн зүйл бол энэ дэлхий дээр өөр хаана ч Венецитэй адил газар байхгүй. Түүний хэзээ ч үл тайлагдам хэт нууцлагдмал байдал, зөрж өнгөрөх жижиг гудамжны булан бүр дэх өвөрмөц сонин багнууд сэтгэл татам бас айдас төрүүлэм этгээд. Олон зуун жилийн өмнө яг энэ л гудамжаар өнөөдөр шилэн хоргоны цаана эрхэмсэг нь аргагүй тухлах энэхүү багнууд амьдралын тайзан дээр өөр өөрийн дүрээр бүжиж явсан гэх мэдрэмж яг л биднийг түүхэн дундуур алхуулж байгаа мэт санагдуулна.



Дундад зууны үед Венецийн оршин суугчид бүгд тансаг амьдралд дурлагсад байлаа. Нийгэмд эзлэх тэдний байр суурь, бэл бэнчин, удам угсаа гээд хүний хүсч болох бүхий л зүйл тэдэнд тансаг амьдралыг л бэлэглэж чадахаас тэдний нуугдмал орших хүслийг хангаж чаддаггүй байв. Язгууртан, бэлэвсэн эхнэр, хотын шүүгчийн төрсөн ганц хүү гээд өдөр тутмын амьдрал нь томъёологдсон мэт, бүхний нүдний өмнө төгс төгөлдөр нэгэн болохыг хичээж, хэзээ ч алдаа гаргах эрхгүй тэр хүмүүст энэ нь нэг талаараа нийгэмд шийтгэгдсэн хүмүүс мэт санагдуулдаг байж. Гудамжаар инээлдэн хөлчүүрхэж явах залуучууд, сээтгэнэсэн харц шидэн өнгөрөх хүүхнүүд, зугаа цэнгэлд мансууран буй хүн бүхэн яг л эрх чөлөөтэй шувуухай шиг санагддаг байж.


Гэвч Венецид энэ удаан асуудал хэвээрээ үлдсэнгүй. Тэд хэнд ч мэдэгдэхгүйгээр хоёр амьдралаар амьдарч болох аргыг олж, ямар гайхамшигтай санаа болохыг шагшин магтацгааж байлаа. Өөрсдийн нийгмийн зэрэг зиндаагаа нууж бусад давхаргын хүмүүстэй чөлөөтэй харилцах, өөрийгөө чухам хэн болохыг бусдад таниулахгүйгээр нийгмийн болон физиологийн хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу тал байсны хажуугаар зарим тохиолдолд гэмт хэргийн шинж чанартай үзэгдэл ч гардаг байж. 


Ийнхүү Венецид багийг оршин суугчид өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг болсноос хойш энэ нь соёл урлагийн гэхээсээ илүүтэйгээр нэг хэсэгтээ л нийгмийн хэрэгцээ болж эхэлжээ. Үүнийг дагаад дэлхийн өнцөг булан бүрээс чухам өөрсдийн үнэн төрхөө нууж үлгэрийн амьдралыг амтлахын тулд жуулчид багт Венецийг зорьж эхэлжээ.  


Аз болоход энэ үзэгдэл тийм ч удаан оршин тогтнож чадсангүй. Нийгэм улам замбараагүй болон завхайрал, гэмт хэрэг газар аван, хүмүүсийн хандлага тэр бүү хэл эмэгтэйчүүдийн өмсдөг хувцас хүртэл улам бүр задгайрч хяналтаас гарч эхэлснээр багийг өдөр тутам зүүхийг хориглож эхэлжээ. Оронд нь жилийн зөвхөн тодорхой үеүүдэд тусгай баяр ёслолыг тохиолдуулан уламжлал болгон католик сүмийн зөвшөөрлөөр л зүүдэг болсноор тухайн үеийн нийгмийн эмх замбараагүй үзэгдлүүдийг зохицуулахад нэмэр болсон байна.


Энэ үеэс эхлэн Венецид жил бүр багт наадам тэмдэглэдэг болсон бөгөөд оршин суугчдад жилдээ ганц удаа ч болов өөрийн жинхэнэ үнэн төрхөө нуух боломж олддог байсан хэдий ч чухам энэ үеэс эхлэн Венецичүүд өөрсдийн багаа урлагийн үнэт бүтээл болтол нь хөгжүүлж чаджээ. Нууцлагдмал байдал, домог үлгэрийн гэмээр, заримдаа айдас төрүүлэм ад чөтгөрийг бэлгэдэж, хүний оюун санааны хоосон төсөөллийг илэрхийлэхдээ ангийн үс, үнэт эрдэнийн чулуунууд, алт мөнгөн саа, тууз зэргийг ашигладаг болжээ.


Харин 1979 оноос хойш Венецийн багт наадмыг албан ёсоор сүр дуулиантайгаар тэмдэглэдэг болсон бөгөөд харин орчин үед энэ нь зөвхөн нийгмийн статусаа нуух оролдого бус соёл урлагын томоохон өв, олон улсын жуулчдыг татах гол баяр ёслол төдийгүй дэлхийн хамгийн алдартай Багт наадам болон хувирсан. Баг бүр өөр өөрийн давтагдашгүй өнгө төрх, дүр, утга учир, бэлэгдэлтэй бөгөөд Венецийн хамгийн алдартай зарим багаас товч дурьдая.
Волто (Volto)
Миний хувьд надад хамгийн их таалагддаг баг. Ихэвчлэн цагаан өнгөтэй, маш эмэгтэйлэг, ялдам. Латин хэлээр сүнс гэсэн үгнээс үүдэлтэй . Баутагийн адил энгийн үед зүүхэд төвөггүй. Олон нийтийн газар, бүжгийн цэнгүүн зэрэгт зүүдэг байсан ба маш хөнгөхөн бас эвтэйхэн.




Баута (Bauta)

Баута бол нүүрийг бүтнээр нь халхалсан гаж хурц өнцөгтэй, амгүй алтадсан маск юм. Хамраас доод хэсгээрээ ярьж идэх уух зэрэг бүрт багаа тайлах шаардлагагүй эвтэйхэн байхын тулд дээш хотойсон хэлбэртэй. 18-р зууны үед зөвхөн Венецийн уугуул оршин суугчид л Баутаг зүүх эрхтэй байдаг байсан. Германаар хамгаалах, харин италиар мангас гэсэн үгийг төлөөлдөг.



Колумбина (Columbina)
Колумбина бол ихэвчлэн алт, мөнгө болор зэрэг үнэт эдлэлүүдээр чимэглэгдсэн хагас маск юм. Бусад багийн адилаар туузаар уягддаг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бүхэлд нь нуухыг хүсээгүй учир тал хийгдсэн гэж хэлдэг. Италиар бяцхан тагтаа гэсэн утгатай.



Тамын эмч (The Plague Doctor)
Урт хүшуутай энэхүү маск Венецийн хамгийн алдартай, олонд танигдсан багны нэг юм. Урт хошуутай тойрог хэлбэрийн ухсан нүд нь төрөл бүрийн хачирхалтай зургуудаар хүрээлүүлдэг. Өнөөдөр энэхүү баг нь илүү их чимэглэлтэй болсон гэдэг. Энэхүү багийг зүүхдээ уламжлалт ёсоор хар малгай, хар урт цув, цагаан бээлийтэй өмсдөг байна. Хүнд үхэх мөчийг сануулахын тулд хийгдсэн гэдэг.



Морета (Moretta)
Эмэгтэй хүний толгой, бие ба сэтгэлийг илэрхийлдэг энэхүү баг нь эмэгтэй хүний гоо сайханг билэгддэг. Чимээгүй шивэгчин гэсэн утгатай.




Хоргоны цаана нойрсох тансаг бас эрхэмсэг энэ л багнууд өөрсдийн хэзээ ч мэдэхийг хүсдэггүй БИДНИЙ ЖИНХЭНЭ ДОТООД ДҮР ТӨРХИЙГ НУУЦЛАН ХАДГАЛАХЫН ТУЛД ОРШДОГ ЮМ ШИГ...


Венеци, Итали
2011 он

Tuesday, September 11, 2012

Улаан дэвтрээс


10 жилээ төгсөхөд миний сайн найз Оюукагийн бэлэглэсэн улаан тэмдэглэлийн дэвтэр байдаг юм. Непал гар хийцийн, хуудас бүр нь нимгэн модны холтос шиг. Хамгийн үнэ цэнэтэй зүйл нь дэвтрийн өнгөнд байдаг гэж Оюука боддог байсан.
"Улаан өнгө их хүчтэй, өөртөө бүхнийг татаж байдаг. Тийм болохоор улаан түрийвчэнд мөнгө тасардаггүй, улаан дэвтэрт бичсэн хүсэл заавал биелдэг..." 
гэж хэлж байсан санагдана. Яагаад ч юм би энэ үгэнд их итгэдэг. Зарим шөнө дэрэн доороо хийгээд унтчихна. Бичсэн хүсэл бүхэн маань хурдан биелээсэй гэж боддог байсан учраас... :)



Бид хоёр мөрөөдлийн тухай их ярьдаг. Ер нь их мөрөөдөмтгийн хүмүүс хэхэ. Харагдаж, үзэгдэж, баригддаггүй ч гэсэн энэ сэдэв бид хоёрыг хэдэн цагаар ч хамаагүй уясан хэвээр л байна. Оюука өөрийн дуртай улаан өнгө шигээ гал шиг дүрэлзсэн эрч хүч, мөрөөдөл, эрмэлзлээр дүүрэн. Тэрнээс цацардаг энергээр би улам хүч орж, бүх зүйлийг гэрэл гэгээтэй, өөдрөг нүдээр харахыг сурсан.



Гэхдээ амьдрал үлгэрт гардаг шиг гайхамшигийн орон биш болохоор өдөр болгоныг оргилсон хүсэл мөрөөдлөөр угтаж, юунд ч санаа зовохгүй, сэтгэл санаа үргэлж өөдрөг байна гэж юу байхав дээ. Заримдаа гуниглана, ганцаардана. Хэнтэй ч ярьмааргүй үед дэвтэр ба дэвтэр доторх би хоёр л жинхэнэ найзууд болно...


Мурсиа, Испани.....Би 1 давхрын өрөөндөө цонхны урдаас харан ширээ дүүрэн хөглөрсөн ном дэвтрүүд дунд сууж байна. Миний гарт Мөнхийн Ром хот руу нисэх билэт атгаастай байна. Олон хоног бэлдсэн аяллын бэлтгэл хангагдсан, хичээл амарчихсан, дээрээс нь гадаа салхитай, хаашаа ч гармааргүй, юу ч хиймээргүй өдөр. Яг ийм үед тэмдэглэлийн олон дэвтрүүдээ нэг нэгээр нь эргүүлээд, компъютер дээр хадгалаастай олон зургуудаа эхнээс нь үзэх хамгийн гоё...Дурсамж сэргэдэг...


Дэвтэр дээр зорилго, мөрөөдөл, гомдол, суут хүмүүсийн хэлсэн үгс, өөрөө өөртөө дүн шинжилгээ хийж зөвхөн өөртөө л зориулан хэлсэн бодлууд энд дүүрэн байна. Гэхдээ би улаан дэвтэр дээрээ үргэлж сайн сайхан мөрөөдлөө л бичдэг гэвэл худлаа. Хааяа хэцүү, сэтгэлээр унах, ганцаардах, гомдох үе олон гарна. Харин ийм нэгэн өдөр би өнөөдөр өөрийгөө энэ хотод авчрах үйлдлээ хийснээ одоо л мэдэрч байна.


Яагаад ч юм их хэцүү өдөр байж...Гэхдээ энэ үгийг бичиж байхад миний толгойд хэрхэн, яаж, хэзээ тэнд хүрэх талаар ямар ч төсөөлөл байхгүй зүгээр л Венецид очихыг л хүсдэг байв. Миний мөрөөдөл байлаа. Хайртай хосууд, тансаг гондола завин дээр дуурийн дуу сонсон хорвоогийн хамгийн романтик, дур булаам хотоор тэврэлдэн зугаална. Тансаг гэхэд дэндүү тансаг, хээнцэр чамин олон баг, ихэмсэг хувцасласан соёлт ертөнцийн хүмүүс алхална.


Турин, Итали.....Үүрийн 7 цагт хайрын Венецийг зорих галт тэрэг хөдөллөө. Сэтгэл догдлоод нэг л тавгүй. Компъютерийн дэлгэцэн дээр байдаг шөнийн гэрэлт усан гудамжны зургууд нүдэнд харагдаад үнэхээр тэнд очих гэж байгаадаа итгэж чадахгүй байна. Одоо 30хан минут!!! Ердөө л 30хан минут явна. Цаг хугацаа зогсчихсон юм шиг..Би сууж чадахгүй нь ээ, улаан дэвтэр дээрээ бичсэн гуравхан мөр мөрөөдөлдөө хүрэхэд одоо 30хан минут л үлдлээ гэж бодохоор догдолсондоо ингээд суугаад байж чадахгүй нь.


Венеци, Итали.....Эцсийн эцэст Венецид байна гэхээс өөр хэлэх үг ч үнэхээр алга. Баярласандаа хүүхэд шиг орилмоор. Аялах тусам улам нялхраад хүүхэд шиг болоод байгаа ч юм шиг хэхэ. Би Венецид байна, би Венецид байна гээд дотроо олон удаа хэллээ. Энгийн үед гудамжаар явах бүртээ би энд байна, би энд байна гэж давтаад байвал хүн юу гэж бодох бол :) Гэхдээ л Риалтогийн гүүр, Сан Маркогийн талбай, усан каналууд, уран барилга бас улаан дарс...Өөрийнхөө өчүүхэн ч гэсэн мөрөөдлөө биелүүлж чадсандаа, яг одоо тэр мөрөөдөл дээрээ зогсож байгаадаа сэтгэл догдолж, би үнэхээр аз жаргалтай байсан... 


Намайг энд ямар адал явдал хүлээж байгааг мэдэхгүй ч гэсэн ӨНӨӨДӨР СЭТГЭЛ ДОТОР ЮУ Ч БАЙХГҮЙ, ВЕНЕЦИЙН УСАН ГУДАМЖААР УЛААН ДАРС ШИМЭН АЛХАЛНА...


Blogger templates

.

Pages

About Us

Powered by Blogger.

Popular Posts

Blogger templates

Blogger news

Blogroll