10 жилээ төгсөхөд миний сайн найз Оюукагийн бэлэглэсэн улаан тэмдэглэлийн дэвтэр байдаг юм. Непал гар хийцийн, хуудас бүр нь нимгэн модны холтос шиг. Хамгийн үнэ цэнэтэй зүйл нь дэвтрийн өнгөнд байдаг гэж Оюука боддог байсан.
"Улаан өнгө их хүчтэй, өөртөө бүхнийг татаж байдаг. Тийм болохоор улаан түрийвчэнд мөнгө тасардаггүй, улаан дэвтэрт бичсэн хүсэл заавал биелдэг..."
гэж хэлж байсан санагдана. Яагаад ч юм би энэ үгэнд их итгэдэг. Зарим шөнө дэрэн доороо хийгээд унтчихна. Бичсэн хүсэл бүхэн маань хурдан биелээсэй гэж боддог байсан учраас... :)
Бид хоёр мөрөөдлийн тухай их ярьдаг. Ер нь их мөрөөдөмтгийн хүмүүс хэхэ. Харагдаж, үзэгдэж, баригддаггүй ч гэсэн энэ сэдэв бид хоёрыг хэдэн цагаар ч хамаагүй уясан хэвээр л байна. Оюука өөрийн дуртай улаан өнгө шигээ гал шиг дүрэлзсэн эрч хүч, мөрөөдөл, эрмэлзлээр дүүрэн. Тэрнээс цацардаг энергээр би улам хүч орж, бүх зүйлийг гэрэл гэгээтэй, өөдрөг нүдээр харахыг сурсан.
Гэхдээ амьдрал үлгэрт гардаг шиг гайхамшигийн орон биш болохоор өдөр болгоныг оргилсон хүсэл мөрөөдлөөр угтаж, юунд ч санаа зовохгүй, сэтгэл санаа үргэлж өөдрөг байна гэж юу байхав дээ. Заримдаа гуниглана, ганцаардана. Хэнтэй ч ярьмааргүй үед дэвтэр ба дэвтэр доторх би хоёр л жинхэнэ найзууд болно...
Мурсиа, Испани.....Би 1 давхрын өрөөндөө цонхны урдаас харан ширээ дүүрэн хөглөрсөн ном дэвтрүүд дунд сууж байна. Миний гарт Мөнхийн Ром хот руу нисэх билэт атгаастай байна. Олон хоног бэлдсэн аяллын бэлтгэл хангагдсан, хичээл амарчихсан, дээрээс нь гадаа салхитай, хаашаа ч гармааргүй, юу ч хиймээргүй өдөр. Яг ийм үед тэмдэглэлийн олон дэвтрүүдээ нэг нэгээр нь эргүүлээд, компъютер дээр хадгалаастай олон зургуудаа эхнээс нь үзэх хамгийн гоё...Дурсамж сэргэдэг...
Дэвтэр дээр зорилго, мөрөөдөл, гомдол, суут хүмүүсийн хэлсэн үгс, өөрөө өөртөө дүн шинжилгээ хийж зөвхөн өөртөө л зориулан хэлсэн бодлууд энд дүүрэн байна. Гэхдээ би улаан дэвтэр дээрээ үргэлж сайн сайхан мөрөөдлөө л бичдэг гэвэл худлаа. Хааяа хэцүү, сэтгэлээр унах, ганцаардах, гомдох үе олон гарна. Харин ийм нэгэн өдөр би өнөөдөр өөрийгөө энэ хотод авчрах үйлдлээ хийснээ одоо л мэдэрч байна.
Яагаад ч юм их хэцүү өдөр байж...Гэхдээ энэ үгийг бичиж байхад миний толгойд хэрхэн, яаж, хэзээ тэнд хүрэх талаар ямар ч төсөөлөл байхгүй зүгээр л Венецид очихыг л хүсдэг байв. Миний мөрөөдөл байлаа. Хайртай хосууд, тансаг гондола завин дээр дуурийн дуу сонсон хорвоогийн хамгийн романтик, дур булаам хотоор тэврэлдэн зугаална. Тансаг гэхэд дэндүү тансаг, хээнцэр чамин олон баг, ихэмсэг хувцасласан соёлт ертөнцийн хүмүүс алхална.
Турин, Итали.....Үүрийн 7 цагт хайрын Венецийг зорих галт тэрэг хөдөллөө. Сэтгэл догдлоод нэг л тавгүй. Компъютерийн дэлгэцэн дээр байдаг шөнийн гэрэлт усан гудамжны зургууд нүдэнд харагдаад үнэхээр тэнд очих гэж байгаадаа итгэж чадахгүй байна. Одоо 30хан минут!!! Ердөө л 30хан минут явна. Цаг хугацаа зогсчихсон юм шиг..Би сууж чадахгүй нь ээ, улаан дэвтэр дээрээ бичсэн гуравхан мөр мөрөөдөлдөө хүрэхэд одоо 30хан минут л үлдлээ гэж бодохоор догдолсондоо ингээд суугаад байж чадахгүй нь.
Венеци, Итали.....Эцсийн эцэст Венецид байна гэхээс өөр хэлэх үг ч үнэхээр алга. Баярласандаа хүүхэд шиг орилмоор. Аялах тусам улам нялхраад хүүхэд шиг болоод байгаа ч юм шиг хэхэ. Би Венецид байна, би Венецид байна гээд дотроо олон удаа хэллээ. Энгийн үед гудамжаар явах бүртээ би энд байна, би энд байна гэж давтаад байвал хүн юу гэж бодох бол :) Гэхдээ л Риалтогийн гүүр, Сан Маркогийн талбай, усан каналууд, уран барилга бас улаан дарс...Өөрийнхөө өчүүхэн ч гэсэн мөрөөдлөө биелүүлж чадсандаа, яг одоо тэр мөрөөдөл дээрээ зогсож байгаадаа сэтгэл догдолж, би үнэхээр аз жаргалтай байсан...
Намайг энд ямар адал явдал хүлээж байгааг мэдэхгүй ч гэсэн ӨНӨӨДӨР СЭТГЭЛ ДОТОР ЮУ Ч БАЙХГҮЙ, ВЕНЕЦИЙН УСАН ГУДАМЖААР УЛААН ДАРС ШИМЭН АЛХАЛНА...
0 comments:
Post a Comment