Яагаад
Венецид очих ёстой гэж? Танд таалагдаж ч магад эсвэл эсрэгээрээ үгүй
байж ч магад. Гэхдээ ганцхан л үнэн зүйл бол энэ дэлхий дээр өөр хаана ч
Венецитэй адил газар байхгүй. Түүний хэзээ ч үл тайлагдам хэт
нууцлагдмал байдал, зөрж өнгөрөх жижиг гудамжны булан бүр дэх өвөрмөц
сонин багнууд сэтгэл татам бас айдас төрүүлэм этгээд. Олон
зуун жилийн өмнө яг энэ л гудамжаар өнөөдөр шилэн хоргоны цаана
эрхэмсэг нь аргагүй тухлах энэхүү багнууд амьдралын тайзан дээр өөр
өөрийн дүрээр бүжиж явсан гэх мэдрэмж яг л биднийг түүхэн дундуур
алхуулж байгаа мэт санагдуулна.
Дундад зууны үед Венецийн оршин суугчид
бүгд тансаг амьдралд дурлагсад байлаа. Нийгэмд эзлэх тэдний байр суурь, бэл
бэнчин, удам угсаа гээд хүний хүсч болох бүхий л зүйл тэдэнд тансаг амьдралыг л
бэлэглэж чадахаас тэдний нуугдмал орших хүслийг хангаж чаддаггүй байв.
Язгууртан, бэлэвсэн эхнэр, хотын шүүгчийн төрсөн ганц хүү гээд өдөр тутмын
амьдрал нь томъёологдсон мэт, бүхний нүдний өмнө төгс төгөлдөр нэгэн болохыг
хичээж, хэзээ ч алдаа гаргах эрхгүй тэр хүмүүст энэ нь нэг талаараа нийгэмд
шийтгэгдсэн хүмүүс мэт санагдуулдаг байж. Гудамжаар инээлдэн хөлчүүрхэж явах
залуучууд, сээтгэнэсэн харц шидэн өнгөрөх хүүхнүүд, зугаа цэнгэлд мансууран буй
хүн бүхэн яг л эрх чөлөөтэй шувуухай шиг санагддаг байж.
Гэвч Венецид энэ удаан асуудал хэвээрээ
үлдсэнгүй. Тэд хэнд ч мэдэгдэхгүйгээр хоёр амьдралаар амьдарч болох аргыг олж,
ямар гайхамшигтай санаа болохыг шагшин магтацгааж байлаа. Өөрсдийн нийгмийн
зэрэг зиндаагаа нууж бусад давхаргын хүмүүстэй чөлөөтэй харилцах, өөрийгөө чухам
хэн болохыг бусдад таниулахгүйгээр нийгмийн болон физиологийн хэрэгцээгээ
хангах зэрэг олон давуу тал байсны хажуугаар зарим тохиолдолд гэмт хэргийн шинж
чанартай үзэгдэл ч гардаг байж.
Ийнхүү Венецид багийг оршин суугчид өөрсдийн өдөр
тутмын амьдралдаа хэрэглэдэг болсноос хойш энэ нь соёл урлагийн гэхээсээ
илүүтэйгээр нэг хэсэгтээ л нийгмийн хэрэгцээ болж эхэлжээ. Үүнийг дагаад дэлхийн
өнцөг булан бүрээс чухам өөрсдийн үнэн төрхөө нууж үлгэрийн амьдралыг амтлахын
тулд жуулчид багт Венецийг зорьж эхэлжээ.
Аз болоход энэ
үзэгдэл тийм ч удаан оршин тогтнож чадсангүй. Нийгэм улам замбараагүй болон
завхайрал, гэмт хэрэг газар аван, хүмүүсийн хандлага тэр бүү хэл эмэгтэйчүүдийн
өмсдөг хувцас хүртэл улам бүр задгайрч хяналтаас гарч эхэлснээр багийг өдөр
тутам зүүхийг хориглож эхэлжээ. Оронд нь жилийн зөвхөн тодорхой үеүүдэд тусгай
баяр ёслолыг тохиолдуулан уламжлал болгон католик сүмийн зөвшөөрлөөр л зүүдэг
болсноор тухайн үеийн нийгмийн эмх замбараагүй үзэгдлүүдийг зохицуулахад нэмэр
болсон байна.
Энэ үеэс эхлэн Венецид
жил бүр багт наадам тэмдэглэдэг болсон бөгөөд оршин суугчдад жилдээ ганц удаа ч
болов өөрийн жинхэнэ үнэн төрхөө нуух боломж олддог байсан хэдий ч чухам энэ
үеэс эхлэн Венецичүүд өөрсдийн багаа урлагийн үнэт бүтээл болтол нь хөгжүүлж
чаджээ. Нууцлагдмал байдал, домог үлгэрийн гэмээр, заримдаа айдас төрүүлэм ад
чөтгөрийг бэлгэдэж, хүний оюун санааны хоосон төсөөллийг илэрхийлэхдээ ангийн
үс, үнэт эрдэнийн чулуунууд, алт мөнгөн саа, тууз зэргийг ашигладаг болжээ.
Харин
1979 оноос хойш Венецийн багт наадмыг албан ёсоор сүр дуулиантайгаар
тэмдэглэдэг болсон бөгөөд харин орчин үед энэ нь зөвхөн нийгмийн статусаа нуух
оролдого бус соёл урлагын томоохон өв, олон улсын жуулчдыг татах гол баяр ёслол
төдийгүй дэлхийн хамгийн алдартай Багт наадам болон хувирсан. Баг бүр өөр өөрийн давтагдашгүй өнгө төрх,
дүр, утга учир, бэлэгдэлтэй бөгөөд Венецийн хамгийн алдартай зарим багаас товч дурьдая.
Волто (Volto)
Миний
хувьд надад хамгийн их таалагддаг баг. Ихэвчлэн цагаан өнгөтэй, маш
эмэгтэйлэг, ялдам. Латин хэлээр сүнс гэсэн үгнээс үүдэлтэй . Баутагийн
адил энгийн үед зүүхэд төвөггүй. Олон нийтийн газар, бүжгийн цэнгүүн
зэрэгт зүүдэг байсан ба маш хөнгөхөн бас эвтэйхэн.
Баута (Bauta)
Баута бол нүүрийг бүтнээр нь халхалсан гаж хурц өнцөгтэй, амгүй алтадсан маск юм. Хамраас доод хэсгээрээ ярьж идэх уух зэрэг бүрт багаа тайлах шаардлагагүй эвтэйхэн байхын тулд дээш хотойсон хэлбэртэй. 18-р зууны үед зөвхөн Венецийн уугуул оршин суугчид л Баутаг зүүх эрхтэй байдаг байсан. Германаар хамгаалах, харин италиар мангас гэсэн үгийг төлөөлдөг.
Колумбина (Columbina)
Колумбина бол ихэвчлэн алт,
мөнгө болор зэрэг үнэт эдлэлүүдээр чимэглэгдсэн хагас маск юм. Бусад багийн адилаар туузаар уягддаг. Эмэгтэй
хүний гоо үзэсгэлэнг бүхэлд нь нуухыг хүсээгүй учир тал хийгдсэн гэж хэлдэг.
Италиар бяцхан тагтаа гэсэн утгатай.
Тамын
эмч (The Plague Doctor)
Урт хүшуутай энэхүү маск Венецийн хамгийн алдартай, олонд танигдсан багны нэг юм. Урт хошуутай тойрог хэлбэрийн ухсан
нүд нь төрөл бүрийн хачирхалтай зургуудаар хүрээлүүлдэг. Өнөөдөр энэхүү баг нь
илүү их чимэглэлтэй болсон гэдэг. Энэхүү багийг зүүхдээ уламжлалт ёсоор хар малгай, хар урт цув,
цагаан бээлийтэй өмсдөг байна. Хүнд үхэх мөчийг
сануулахын тулд хийгдсэн гэдэг.
Морета (Moretta)
Эмэгтэй хүний толгой, бие
ба сэтгэлийг илэрхийлдэг энэхүү баг нь эмэгтэй хүний гоо сайханг
билэгддэг. Чимээгүй шивэгчин гэсэн утгатай.
Хоргоны цаана нойрсох тансаг бас эрхэмсэг энэ л багнууд өөрсдийн хэзээ ч мэдэхийг хүсдэггүй БИДНИЙ ЖИНХЭНЭ ДОТООД ДҮР ТӨРХИЙГ НУУЦЛАН ХАДГАЛАХЫН ТУЛД ОРШДОГ ЮМ ШИГ...
Венеци, Итали
2011 он